Эрхэм Зорилго

Тус төвийн эрхэм зорилго нь Нийслэлийн хэмжээнд байгаа зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх мөн бие даасан амьдралтай болоход нь дэмжин туслахад чиглэгдэнэ.

Танилцуулга

Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 272, 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 417 дугаар захирамжаар Нийслэлийн хэмжээнд байгаа гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэж, түр хоноглох байраар хангаж, нийгмийн халамжийн суурь үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв нэртэйгээр байгуулагдсан.

Тус төв нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 117 дугаар тогтоолоор Нийгмийн хамгааллын тусгай төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийгмийн хамгааллын тусгай төв нь Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21-ээс дээш насны гэр оронгүй, тэнэмэл иргэдийг нийгэм, хамт олны дунд төлөвшүүлэх, дэмжин туслах, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм.

Нийслэлийн болон орон нутгийн харьяалалтай гэр оронгүй, нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн хогийн цэгүүд болон томоохон худалдааны төв, орон сууцны орц, дулааны хонгилд хоноглодог иргэдэд дараах 12 төрлийн үйлчилгээ үзүүлж байна.

1.Бүртгэл судалгаа
2.Халуун хоол, цайны үйлчилгээ
3.Эрүүл мэндийн үйлчилгээ
4.Сэтгэл зүйн үйлчилгээ
5.Байрлуулах үйлчилгээ
6. Бичиг баримтжуулах үйлчилгээ
7.Нийгмийн халамжийн бусад үйлчилгээ
8.Сургалт, соёл хүмүүжлийн үйлчилгээ
9.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
10 Төсөл хөтөлбөрт хамруулах
11.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
12.Гэр бүлтэй нь холбоо тогтоож хүлээлгэн өгөх