“ИТГЭЛ-2024” ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлаас татгалзуулах, сэтгэц нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл-2024” төслийн үйл ажиллагааны хаалт зохион байгуулагдлаа.
Цагдаагийн байгууллага, төрийн болон мэргэжлийн байгууллагууд зөвлөх багуудтай хамтран гудамж талбайд архидан согтуурдаг, тодорхой оршин суух хаяггүй иргэдийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын арга зүйд суурилсан эмчилгээ, сургалт нөлөөллийн арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд зохион байгууллаа.
Төслийн хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төв 113 иргэнийг түр хоноглох байранд хүлээн авч 2 сарын хугацаанд эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүй, хууль эрх зүй, хөдөлмөр эрхлэлтийн оношилгоо, зөвлөгөө, цогц сургалт, соёл хөгжлийн арга хэмжээнд хамруулан ажиллав.
Төслийн хэрэгжилтэд Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Аддиктологийн төв, Өлзийт асар, Дөлгөөн минж зэрэг байгууллагууд хамтран Итгэл-2024 төслийн хүрээнд нийт 200 иргэнд хүрч ажилласан байна.
Нийгмийн хамгааллын тусгай төв
2024.12.05










