“Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэг архины хамааралтай иргэдэд итгэл найдвар өгч байна
TV9 телевиз, Нийгмийн хамгааллын тусгай төв, Аддиклогийн төв хамтран “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн хүрээнд архины хамааралтай иргэдийг хамруулсан нийгмийн ач холбогдолтой үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус нэвтрүүлэг нь архины хамааралтай иргэдийн амьдралын бодит түүх, сэтгэлзүйн сэргэлт, дахин нийгэмших үйл явцыг олон нийтэд эерэгээр таниулж, тэдэнд итгэл найдвар, урам зориг өгөх зорилготой юм. Хөтөлбөрт хамрагдсан иргэд мэргэжлийн сэтгэл зүйч, аддиклогийн эмч нарын дэмжлэгтэйгээр өөрийгөө ойлгох, амьдралын зорилгоо тодорхойлох, архинаас ангид шинэ эхлэлийг тавих боломжийг олж байна.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн зүгээс “архины хамаарал бол ганц хүний асуудал бус, нийгмийн хамтын оролцоогоор даван туулах сорилт” гэдгийг онцолж, ийм төрлийн нэвтрүүлэг, олон нийтийн ажлууд нь сөрөг хандлагыг өөрчилж, ойлголт, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдлаа.
Харин Аддиклогийн төвийн мэргэжилтнүүд архины хамаарал эмчлэгдэх боломжтой өвчин бөгөөд зөв арга зүй, тогтмол дэмжлэг, орчны нөлөө чухал гэдгийг онцолсон юм.
“Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэг нь оролцогчдын мөрөөдөл, хүсэл тэмүүллийг бодит болгох замаар тэднийг өөртөө итгэх итгэлтэй, нийгэмдээ хэрэгтэй иргэн болон төлөвшихөд бодит хувь нэмэр оруулж байна.



