Хөтөлбөрт хамрагдсанаар иргэдийн зан үйл, хандлагад эерэг өөрчлөлт гарч байна
Нийгмийн хамгааллын тусгай төвд өнөөдрийн байдлаар нийт 112 иргэн үйлчилгээ авч байна. Үүнээс Дамжин өнгөрүүлэх төвд 66, Сургалт хөгжлийн цогцолбор төвд 46 иргэн тус тус үйлчлүүлж байна.
Төвийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүд сар бүр иргэдтэй уулзалт зохион байгуулж, тэдний амьдарч буй байр, өрөөнүүдээр явж санал хүсэлтийг нь сонсон, нээлттэй ярилцдаг.
Энэ удаагийн уулзалтаар иргэдийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа нь хэд хэдэн санал хүсэлтээс тодорхой харагдлаа. Мөн зарим иргэд бичиг баримттай болох, эрүүл мэндийн асуудлын улмаас группт хамрагдах хүсэлтээ илэрхийллээ.
Эмэгтэй иргэдийн зүгээс хүүхдүүдтэйгээ уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Харин хоол хүнсний үйлчилгээний хувьд иргэдийн сэтгэл ханамж өндөр байлаа.
Уулзалтаас гарсан санал, хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтнуудтай хэлэлцэж, цаашид зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
Эерэг мэдээ гэвэл, хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд иргэдийн зан үйл, хандлагад тодорхой ахиц гарч, өмнө нь ном уншдаггүй байсан зарим иргэд ном уншдаг болсон зэрэг эерэг өөрчлөлтүүд ажиглагдлаа.