Нийгмийн хамгааллын тусгай төв байгууллагынхаа хөгжил дэвшлийн түүхийг бүтээлцэж, үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтнуудаа хүлээн авч уулзан, байгууллагын дэргэдэх Ахмадын зөвлөлийг албан ёсоор байгууллаа.
Анх 2003 онд үүд хаалгаа нээснээс хойш нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлж ирсэн бөгөөд энэхүү замналын ард байгууллагын суурийг тавьж, үйл ажиллагааг нь бэхжүүлэхэд хүчин зүтгэсэн үе үеийн ахмад ажилтнуудын хөдөлмөр, бүтээл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.
Уулзалтад байгууллагын үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн ажиллаж байсан ахмад ажилтнууд оролцож, өнөөгийн залгамж халаа болсон залуу боловсон хүчинтэй танилцан санал бодлоо солилцов. Мөн байгууллагынхаа түүхэн замнал, ажлын туршлагаасаа хуваалцаж, цаашдын үйл ажиллагааг сайжруулах талаар санал зөвлөмжөө хүргэлээ.
Энэхүү арга хэмжээ нь үе үеийн ажилтнуудын залгамж холбоог бэхжүүлэх, ахмад үеийн мэдлэг туршлагыг өвлүүлэх, байгууллагын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Ахмад үеийн үнэт туршлага, залуу үеийн эрч хүчийг хослуулсан хамтын ажиллагаа улам батжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.