Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын Тусгай төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж буй иргэдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг талархлын өдрийн арга хэмжээг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 7 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Төвөөр үйлчлүүлэгч иргэдийн гэр бүл, төрөл садангийн мэдээллийг цуглуулж, холбоо тогтоон арга хэмжээнд төлөөллийг урьж оролцуулан, үйлчлүүлэгчээ гэр бүлтэй нь холбох цаашлаад гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд нь эргэн нэгтгэх, зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээг дэмжин хамтран ажилладаг байгууллагуудтай талархах зорилготой үйл ажиллагаа юм.
Энэ удаагийн талархлын арга хэмжээнд үйлчлүүлэгч 65 иргэн, тэдний гэр бүлийн гишүүд 14, үйл ажиллагааг дэмжин ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 19, ажилтан албан хаагч 16 нийт 114 иргэнийг хамруулсан арга хэмжээ болж өндөрлөлөө.
Талархлын өдрийн арга хэмжээг нээж, төвийн дарга Ш.Мөнхцэцэг мэндчилгээ дэвшүүлэн, Улаанбаатар театрын морин хуурын аялгуутай, гоцлол дуучин Э.Дашням ая дуугаа өргөж хөтөлбөрийн дагуу арга хэмжээг эхлүүллээ. Үйлчлүүлэгч иргэдээс гэр бүлдээ, төвийн хамт олон, ажилтан албан хаагч, үйлчилгээ авч буй эмнэлэгийн эмч нар, халамжийн хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн алба хаагч нар зэрэг хүмүүст хандаж, талархсан чин сэтгэлийн 78 захидлыг илгээсэн.
Тухайн өдөр арга хэмжээнд оролцсон иргэдэд захиаг гардуулан өгч, байгууллагаас талархлын мэндчилгээтэй, үйлчлүүлэгч иргэдийн үйлдвэрлэсэн эко торын хамт гардууллаа. Үйл ажиллагаанд оролцсон гэр бүлийн төлөөллүүд байгууллагад талархаж байгаагаа илэрхийлж, цаашид бидэнтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.






