Нийгмийн хамгааллын тусгай төвийн Монгол наадам зохион байгуулагдлаа.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой Үндэсний их баяр наадмыг угтсан Нийгмийн хамгааллын тусгай төвийн Монгол наадам зохион байгуулагдлаа.
Өнөө жилийн наадам бороо хур дэлгэрсэн Бугын сангийн аж ахуйн үзэсгэлэнт байгальд хүчит 32 бөхийн барилдаан, ойрын зайн гүйлт, буухиа тэмцээний төрлөөр зохион байгуулагдлаа.
Үйл ажиллагааны нээлтэнд төвийн дарга Ш.Мөнхцэцэг 2025 онд гүйцэтгэж буй томоохон ажлууд, ололт, хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл хүргэж, үйлчлүүлэгч иргэдийн цаашдын ажил амьдралд амжилт хүсч үг хэлж, төвийн ажилтнууд, үйлчлүүлэгч иргэдийн төлөөлөл ая дууны мэндчилгээ зэрэг урлагийн номерууд үзүүллээ.
Наадмын өдрөөр өөрийн буруу зуршлуудаа орхиж, дутуу бүхнээ дүүргэж, өөрийн гэсэн бие даасан амьдралтай болохын төлөө хүчтэй урагшилж буй нэгэн иргэнд төвийн дарга хувиасаа Монгол дээл бэлэглэж, хүндэтгэл үзүүлэв.
Төрт ёс, түүх уламжлал, ёс заншил, соёл бүгд нийлж Монгол хүн Монгол орон гэх тодотголыг бий болгодог. Энэ ч утгаар өнөө жилийн наадам түүх соёл, ёс уламжлалаа иргэдэд таниулах, залуу үед түгээн дэлгэрүүлэхэд өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө.
Бид бүгд цэнгэг агаар, үзэсгэлэнт байгаль дунд Монгол орныхоо төрт ёс, түүх соёлын жимээр алхаж, инээмсэглэл, эерэг сэтгэгдэл дүүрэн нэгэн онцгой өдрийг хамтдаа бүтээлээ.
Та бүхэн сайхан наадаарай.
Хүндэтгэсэн: Нийгмийн хамгааллын тусгай төв









