Төвийн албан хаагчдын төлөөлөл ХААИС-ийн Ар гүнтэд байрлах “Ухаалаг хүлэмжийн аж ахуйн төв”-тэй танилцаж, туршлага судлах арга хэмжээнд оролцлоо.
БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 2020 оноос эхлэн хэрэгжсэн тус хүлэмжийн аж ахуйн төв нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт тулгуурласан, орчин үеийн ухаалаг технологи бүхий томоохон бүтээн байгуулалт юм. Төсөл хэрэгжих явцад мэдээллийн технологи, автомат удирдлагын систем, хэмнэлттэй усалгааны шийдлүүдийг амжилттай нэвтрүүлжээ.
Энэхүү туршлага судлах арга хэмжээний хүрээнд оролцогчид хүлэмжийн бүтэц, ашиглаж буй технологи, ургамал арчлах болон бүтээгдэхүүн хураалтын менежменттэй газар дээр нь танилцсан нь ирээдүйд хэрэгжих төслүүдэд чухал ач холбогдолтой байв.
Түүнчлэн тун удахгүй ашиглалтад орох Сургалт хөгжлийн цогцолбор төвийг түшиглэн байгуулагдах хүлэмжийн нарийн ногооны аж ахуй, мод үржүүлгийн газрын төслүүдэд энэхүү туршлага бодитой хувь нэмэр оруулах юм.
Бидний хүсэлтийг хүлээн авч, хүлэмжийн үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулсан ХААИС-ийн Ухаалаг хүлэмжийн аж ахуйн төвийн хамт олонд талархал илэрхийлье.















