ХҮН БҮР ХАМГААЛУУЛЖ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХТЭЙ
БИДНИЙ ЭЭЛЖИТ ИЛРҮҮЛЭГ, СУДАЛГААНЫ ИХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР…
Гудамж талбай, орц хонгил, зах худалдааны төвүүдээр бид өдөр бүр зорин очдог. Бидний хайж очдог хүмүүс бол амьдралын хүнд нөхцөлд байгаа, гэр оронгүй, нийгмийн хамгааллын үйлчилгээнээс холдсон иргэд юм.
Тэдэнтэй уулзах бүрд нэг зүйл хамгийн их мэдрэгддэг. Тэр бол итгэл найдварын харц.
“Бидэнд тусалж, хамгаалдаг ийм байгууллага байдаг юм уу?” гэж асуух иргэд цөөнгүй тааралддаг. Тэр мөч бүр бидний ажлын үнэ цэнэ, хариуцлагыг улам тодорхой мэдрүүлдэг.
Нийгмийн хамгааллын тусгай төвөөс зорилтот бүлгийн орон гэргүй, тэнэмэл иргэдийг илрүүлэх, мэдээлэл хүргэх, төвийн үйлчилгээнд хамрагдах талаар зөвлөгөө өгөх зорилгоор 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ээлжит судалгаа, илрүүлгийн ажлыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 7 багийн 25 ажилтан, албан хаагч оролцож, нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд ажиллав.
Судалгааны багууд зах худалдааны төвүүд, байрны орц, подволь, 24 цагаар ажилладаг сүлжээ дэлгүүрүүд, хоёрдогч түүхий эдийн цэгүүдээр явж, орон гэргүй иргэдтэй уулзан тэдний асуудал, бэрхшээлийг сонсож, шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгч, байгууллагын үйлчилгээний танилцуулгыг хүргэлээ.
Нийт 226 иргэн мэдээлэл авсан бөгөөд иргэд үйлчилгээ авах хүсэлтэй байгаагаа бидэнд илэрхийлэн талархалтай хандаж байлаа.
Хоёрдогч түүхий эдийн 12 цэгийн ажил эрхлэгчидтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Мөн 10 байгууллагатай мэдээлэл солилцож, гэр оронгүй иргэдийг илрүүлэх, тусламж үйлчилгээнд холбон зуучлах чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.
Бид хамгийн их хэрэгцээтэй байгаа иргэддээ хүрч ажиллахын төлөө цаашид ч тууштай ажиллах болно.





















