Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/345 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төвөөс ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж төвийн байр, гэрүүдэд зохион байгуулалт хийж нэгдсэн арга хэмжээгээр хүргэгдэн ирэх иргэдийн байрлах нөхцлийг бүрдүүлэн тусгаарлах өрөө гарган ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өглөөний 10 цагаас эхлэн дүүргүүдийн Цагдаагийн хэлтсүүдээс нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч буй иргэдийг түр хоноглох байранд хүргэн ирсэн. Дээрх иргэдийг эрүүл мэндийн асуумжийн хуудсыг үндэслэн хүлээн авч халууныг үзэн гарыг ариутган бүртгэлд хамруулж халуун усанд оруулан, 151 иргэний бохир хувцсыг сольж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн халуун, хоол цай өгч цаашид тохирох нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулна.

Нийгмийн хамгааллын тусгай төвийн түр хоноглох байр, гэрүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, амны хаалт зүүлгэн, халдвараас сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч байна.

Уг арга хэмжээнд Улаан Загалмайн нийгэмлэгээс амны хаалт, амин дэмээр туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа.