Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага хамтран “Өдөр бүр уншъя” уриан дор зохион байгуулж буй 30 дахь удаагийн номын баярт Нийгмийн хамгааллын тусгай төвөөс оролцлоо. Энэ удаагийн арга хэмжээнд байгууллага үйлчлүүлэгч иргэдийн номын санг баяжуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, номоор дамжуулан иргэдийг төлөвшүүлэх зорилгоор номын хандивын аяныг өрнүүлж түүхэн болон орчин цагийн уран бүтээлүүдээр номын санг баяжууллаа.
Бидний ажлыг дэмжин Геодези, усны барилга байгууламжийн газраас санаачлан “Ном хандивлах аян”-ыг өрнүүлж, байгууллагын албан хаагчдаасаа 30 нэр төрлийн 130 гаруй номыг цуглуулан, номын баярын өдөр гардуулан өгсөн юм.
Мөн арга хэмжээний үеэр оролцогч байгууллагуудад төвийн талаар болон хандивын аяны зорилгоо танилцуулж 300 гаруй түүхэн болон орчин цагийн шинэ, хуучин ном хандиваар цуглууллаа.
Зорилтот бүлгийн иргэдийн оюун санаанд хөрөнгө оруулалт хийж, байгууллагын ажлыг дэмжин хамтран ажилласан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Соёл урлагийн газар, Геодези, усны барилга байгууламжийн газар болон номын зохиолчид, хувь хүн албан байгуулагуудад баярлаж талархсанаа илэрхийлээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.










