Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112, Ардын хувьсгалын 102, Нийгмийн хамгааллын тусгай төв үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой Үндэсний их баяр наадмыг угтсан төвийн бэсрэг наадам ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Өнөө жилийн наадам Бугын сангийн аж ахуйн үзэсгэлэнт байгальд хүчит 32 бөхийн барилдаан, ойрын зайн гүйлт, сур харваа буюу анх удаа бүрэн хэмжээнд эрийн гурван наадмын төрлөөр зохион байгуулагдсан нь шинэлэг байлаа.
Үйл ажиллагааны нээлтэнд төвийн дарга Ш.Мөнхцэцэг 2023 онд гүйцэтгэж буй томоохон ажлууд, ололт, хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл хүргэж, үйлчлүүлэгч иргэдийн цаашдын ажил амьдралд амжилт хүсч үг хэлж, төвийн ажилтнууд, үйлчлүүлэгч иргэдийн төлөөлөл ая дууны мэндчилгээ, лимбэний аялгуу зэрэг урлагийн номеруудыг үзүүллээ.
Энэ жилийн бэсрэг наадамд төвд дадлагажигчаар ажиллаж буй ШУТИС-ийн нийгмийн ажлын ангийн оюутнууд зохион байгуулагчаар ажиллаж мөн урилгаар тус сургуулийн нийгмийн ажлын ангийн оюутан ирж ая дууны мэдчилгээ дэвшүүлсэн нь иргэдэд өндөр сэтгэгдэл төрүүллээ.
Мөн хамтдаа воллейбол тоглож, бүжиглэж чөлөөт цаг гарган орчны байгальтай танилцаж, их ажлыг нугалах эрч хүчээ сэлбэж авлаа. Бэсрэг наадмын дундуур өөрийн буруу зуршлуудаа орхиж, дутуу бүхнээ дүүргэж, өөрийн гэсэн бие даасан амьдралтай болохын төлөө хүчтэй урагшилж буй нэгэн иргэнд төвийн зүгээс Монгол цамц бэлэглэж, хүндэтгэл үзүүлэв
Төрт ёс, түүх уламжлал, ёс заншил, соёл бүгд нийлж Монгол хүн Монгол орон гэх тодотголыг бий болгодог. Энэ ч утгаар өнөө жилийн наадам түүх соёл, ёс уламжлалаа иргэдэд таниулах, залуу үед түгээн дэлгэрүүлэхэд өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө.
Бэсрэг наадмын хаалтын үйл ажиллагаанд төвийн ахлах арга зүйч Н.Нэргүй үг хэлж, өөрийн зохиосон “Монгол” шүлгээ уншиж танилцууллаа.
Бид бүгд цэнгэг агаар, үзэсгэлэнт байгаль дунд Монгол орныхоо төрт ёс, түүх соёлын жимээр алхаж, инээмсэглэл, эерэг сэтгэгдэл дүүрэн нэгэн онцгой өдрийг хамтдаа бүтээлээ.
Бэсрэг наадмын үйл ажиллагааг дэмжиж, ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж ажилласан үйлчлүүлэгч иргэд, дадлагжигч оюутнууд, төвийн албан хаагчид та бүгдэдээ Нийгмийн хамгааллын тусгай төвийн зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил амьдралд нь амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн: Нийгмийн хамгааллын тусгай төв











