Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, Цагдаагийн газар, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Гэр бүл хүүхэд залуудын хэлтэс, “Ганц зам итгэл” ТББ, “Титэм дэвжих амьдрал” ТББ-уудын төлөөллүүдтэй зорилтот бүлгийн иргэдэд хүргэж буй хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2023 оны 09 сарын 22нд хамтран ажиллах уулзалт Нийгмийн хамгааллын тусгай төв дээр зохион байгуулагдсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлыг эхлүүлээд байна.
Орон гэргүй иргэд нэмэгдэхээс мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ЗОРИЛТОТ ХҮН-ЗОРИЛТОТ ӨРХ” тусгай арга хэмжээг СХД-ийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, тус дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хороодын хамтарсан баг, Улаан загалмай хороо, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд нийслэлийн хаягтай 155, орон нутгийн хаягтай 21 нийт 176 иргэн Нийгмийн хамгааллын тусгай төвд хүргэгдэн ирсэнээс 146 иргэнийг сүрьеэгийн үзлэг шинжилгээнд хамруулж Тусгай төвд 111 иргэнийг байрлуулан усанд оруулах, хувцас солих, халуун хоол цай, байрлах үйлчилгээнд хамруулан ажиллаж байна.
Уг арга хэмжээ нь СХД-ийн дүүргийн нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг гэмт зан үйлээс татгалзуулах, хохирогчийг шаардлагатай тусламж үйлчилгээнд холбон зуучлах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архины хамааралтай иргэдэд чиглэсэн нөлөөллийн зорилтот арга хэмжээг зохион байгуулахаас гадна иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хандлага, үйлдэлд уриалах зорилготой юм.
Цаашид Нийгмийн хамгааллын тусгай төвд байрласан иргэдэд дээрх байгууллагуудтай хамтран ажиллаж Нийслэлийн Аддиктологийн төвтэй хамтран иргэдийг архины хордлого тайлах эмчилгээнд хамруулах, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, хөгжлийн сургалтуудад хамруулан хорооны хамтарсан багаар дамжуулан ар гэрт нь хүлээлгээн өгөх, ажлын байранд зуучлах ажлууд шат дараалалтай хийгдэх юм.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн зүгээс өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, судалгаа, эрдэмтдийн зөвлөмжид үндэслэн орон гэргүй иргэд нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх ажилд ихээхэн анхаарал хандуулж 2023 онд “Эрүүл Монгол хүн – Бүтэн гэр бүл” зорилтот төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ удаагийн СХД-ийн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Зорилтот хүн – Зорилтот өрх” арга хэмжээ ч мөн “Эрүүл Монгол хүн – Бүтэн гэр бүл” төслийн зорилттой бүрэн нийцэж байгаагаараа онцлог юм.
“Зорилтот хүн – Зорилтот өрх” нэгдсэн арга хэмжээний үр дүнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, гэр бүл, хүүхдийн эрх, хамгааллын орчин сайжирч, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэл буурна гэж мэргэжилтнүүд үзэж байна.










