“Хөөрхөн зүрх ТББ” –аас зохион байгуулсан “Хагацал, уй гашууг даван туулж буй үйлчлүүлэгчтэй ажиллах аргачлал” сэдэвт кейс хэлэлцүүлэгт байгууллагын сэтгэл зүйч оролцож, сургалтанд хамрагдлаа. 2021 оны санхүүгийн тайланд аудит хийлгэхээр 3 дугаар улирлын байдлаар санхүүгийн баримт материалыг Нийслэл дэх төрийн аудитын газарт хүргүүлээд байна. Нийслэлийн дотоод аудитын газараас шилэн дансны хэрэгжилтэд хийгдсэн аудитын дүгнэлт гарав.
Тайлант хугацаанд төвийн түр хоноглох байранд 1543 /давхардсан тоогоор/ иргэнийг хоноглуулан бүртгэлжүүлж, төрөл бүрийн үйлчилгээнд хамруулаад байна. Тус иргэдэд төвийн нийгмийн ажилтан, эмч, сэтгэлзүйч нар нөхцөл байдлын үнэлгээ хийж шаардлагатай үйлчилгээнд хамруулан ажиллаж байна.
Түр хоноглох байранд үйлчлүүлж буй иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг цэсийн дагуу тайлант өдрүүдэд нийт 3369 /давхардсан тоогоор/ иргэнд үзүүлсэн байна.
Түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдийн ариун цэвэрт анхаарч өдөр бүр халуун усанд оруулах, бохир хувцасыг солих, угаалгах, цагаан хэрэглэл, бүтээлэг, дэрний уут зэргийг угаах үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Тайлант өдрүүдэд нийт 115 иргэнд халуун усанд орох үйлчилгээг үзүүлж, дөрвөн удаагийн угаалтаар 69 ширхэг цагаан хэрэглэл угаасан байна.
Үйлчлүүлэгч иргэдийн гэр бүлийн мэдээллийг цуглуулж, 5 иргэний ар гэртэй уулзалт зохион байгуулж, 4 иргэнийг гэр бүлд нь хүлээлгэн өгч, бие даасан амьдралд шилжүүллээ.
Төвийн эмчийн хяналтанд 203, өдөр тутмын үзлэгийг 391, шарх цэгцлэлт 157, эм олголт 106, эмчилгээ 184 иргэн тус тус хийж, халуун хэмжилтийг тогтмол үзэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн байна.
Төвд байрлаж буй иргэдийг өрөө гэрүүдээр явж, эрүүл мэндийн зөвлөмж өгөн, ковидын цаг үеийн мэдээллүүдийг тухай бүр өгч, нийт 2удаа 189 иргэнд /давхардсан тоогоор/ ковидын цаг үеийн мэдээлэл өгсөн.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 5, сүрьеэгийн эмчийн хяналт, эмчилгээнд 1 иргэн тус тус хамрагдаж байна. Мөн 120 ширхэг витамин, 300 ширхэг амны хаалтыг 60 /давхардсан тоогоор/ иргэнд олголоо.
Сонсох, мэдрэмжээ гадагшлуулах, сэтгэл зүйн гэмтлийг оношлох зэрэг сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө 12 иргэнд үзүүлж, 2 иргэн зөвлөгөөнд талархалтай байгаагаа илэрхийллээ. Архи болон бусад шалгаануудын улмаас орон гэргүй тэнэмэл амьдралаар амьдарч буй иргэдийн сэтгэл зүйн байдал түүнд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлүүдийг судлан тэдэнтэй ажиллах арга зүйг боловсруулах зорилго бүхий “Нийгэм-сэтгэл зүйн судалгаа”- ны мэдээлэл цуглуулах ажил дуусаж, үр дүн боловсруулалт эхэлж 90 %-тай явагдаж байна.
Тусгай төвийн түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдэд төвийн эмч болон нийгмийн ажилтнууд нийт 8 удаагийн сургалтаар 245 иргэнийг хамрууллаа. Үүнд: “Хандлага”, “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”, “Орлогын зөв хэрэглээ хуримтлал болдог”, “Стэнд ап комеди”, “Өөртөө итгэж, өөрийгөө удирдах арга” гэсэн сэдэвт сургалтууд орж эерэг зөв бодол бодох, өөрийнхөө дадал зуршлыг шинэчлэх зорилт дэвшүүллээ.
Монголын шинэ тосгон холбоо байгууллагаас үйлчлүүлэгч 23 иргэнд Чацаргана тариалах аргачлал сэдэвт сургалтыг 2 өдөр зохион байгуулж, хамрагдсан иргэдэд батламж гардууллаа.
Долоо хоногийн даваагаас баасан гарагт 08.00-17.00 цагийн хооронд танхимаар үйлчлүүлэгч иргэдэд ном уншуулж байна. Мөн номын карт 6 иргэнд шинээр нээж, гэрээр ном олгож байна.
2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс зорилтот бүлгийн 17 иргэнийг төвд байрлуулахаар авч ирсэн. Тус иргэдийн 5 нь гэр оронтой тул буцсан үлдсэн 12 иргэнийг усанд оруулан, халуун хоол цай болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж, төвийн түр хоноглох байранд байрлуулав. Тухайн иргэдэд төвийн нийгмийн ажилтнууд нөхцөл байдлын үнэлгээ хийж, шаардлагатай үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Түр ажлын байранд зуучлагдсан 1 иргэн байна.
Төсөл хөтөлбөр:
Төвийн шугамд холбогдсон бие засах газрын барилгын ажил бүрэн дуусч хүлээн авсан бөгөөд шинэ бие засах газрыг ашиглалтанд оруулснаар эмзэг бүлгийн иргэд ариун цэврийн шаардлага хангасан газарт үйлчилгээ авах боломжоор хангагдаад байна.Үүнд үйлчлүүлэгч иргэд талархаж байгаагаа илэрхийлсэн. . Иргэдээс 33 өргөдөл, 1 талархал хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. 2 иргэний регистрийн дугаар тодорхойгүй тул програмд нэгтгээгүй. Эдгээр 2 иргэний мэдээллийг иргэний бүртгэлийн цахим санд шүүлгэх ажлыг хариуцсан нийгмийн ажилтан хийж байна.



















